Saturday, May 2, 2009

Албан хэрэг хөтлөхөд нэгдсэн кодын стандартыг (Unicode) хэрэглэх тухай

 Компьютерийн систем үүссэн цагаас эхлэн тулгарсан нэг том бэрхшээл бол орон орны хэлний янз бүрийн үсэг, дүрс тэмдэгтүүдийг компьютерийн системд оруулах мөн хэрэглэх явдал юм. 1996 онд Монгол улсын MNS 4329-4342 стандартууд батлагдан гарснаар компьютерийн гарын үсгийн байрлалыг тогтоосон бөгөөд энэ нь бидний өргөн хэрэглэдэг Arial Mon, Times New Roman Mon үсгийн фонтууд юм. Энэ стандартын дагуу компьютерт монголын кирил үсгээр мэдээллийг оруулах програм /гарын драйвер/ буюу MonWin,RealMon,Monkey гэх мэт олон програм гарсан бөгөөд Monkey-ийг хамгийн түгээмэл хэрэглэсээр ирсэн.

Кирил үсгээр бичих асуудалыг ингэж шийдсэн хэдий ч үсгийн фонт зөрчилдөх (бүх тэмдэгтүүд танигдахгүй байх, эсвэл ө,ү үсэгнүүд танигдахгүй), интернэтийн орчинд мэдээлэл солилцоход хүндрэлтэй гэх мэт олон бэрхшээлүүд гарсаар байсан.
Энэ мэт орон орны хэлний янз бүрийн үсэг, дүрс тэмдэгтүүдийг компьютерт оруулахад гарах бэрхшээлүүдийг арилгасан шийдэл гарсан бөгөөд энэ нь UniCode буюу нэгдсэн кодын стандарт юм. 2000 онд UniCode 3.0 хувилбарт монгол улсын кирил үсэг орсон бөгөөд Windows XP хувилбараас эхлэн UniCode нь Windows үйлдлийн системд орсноор дэлхийн олон орны үсэгнүүд, тэмдэгтүүдийг суулгаж, нэмэлт янз бүрийн програмгүйгээр багахан тохиргоо хийгээд л ямарч саадгүй эх хэлээрээ бичих боломжтой болсон.
Хэрэв таны компьютерт энэхүү драйверийн монгол (MO) хэлний хэсэг нь тохируулагдаагүй бол дараах тохиргоог хийгээрэй.
Windows XP үйлдлийн систем дээр тохируулах
1. Start цэсний Control panel-руу орно
2. Гарч ирэх цонхноос Regional and Language Options-ийг нээнэ.
3. Гарч ирэх цонхы Languages хэсгийн Details товчийг дар.
4. Settings хэсгийн Add товчийг дараад гарч ирэх цонхны Input Language хэсгээс Mongolian(Cyrillic)-ийг сонгоод "ОК" дарна. Дахин "ОК" дарснаар таны гарны драйверт монгол хэл нэмэгдэх болно.
Та гарын драйверынхаа монгол (MO) , англи (EN) хэлийг компьютерийн гарны зүүн талын Alt+Shift товчны хослолыг дарж сольж болно. (Зарим тохиолдолд комьпютерын гарны зүүн талын Ctrl+ Shift товчны хослолыг дарж сольдог болгочихдог болохыг анхаарна уу !!!)

Хэдийгээр UniCode буюу нэгдсэн кодын стандарт нэвтэрсэн хэдий ч дараах асуудлууд гарсаар байдаг
- Зарим хүмүүс UniCode стандартыг хэрэглэж хэвшээгүй буюу ASCII стандартыг /жишээ нь ихэвчлэн Monkey/ хэрэглэсээр байдаг нь боловсруулсан баримтаа өөр комьпютерт зөөж хэрэглэхэд тэмдэгтүүд нь танигдахгүй байх
- Бидний өмнө нь ASCII стандартыг /жишээ нь ихэвчлэн Monkey/ ашигладаг байхдаа боловсруулсан баримтуудын үсгийн тэмдэгтүүд одоогийн үйлдлийн системдээ Arial Mon,Times New Roman Mon.. гэх мэтийн ASCII стандартын үсгийн фонтуудыг хуулж тавиагүй бол танигдахгүй байдаг

Дээрх асуудлуудыг доорх аргаар шийдвэрлэж болно.
- UniCode стандартын гарын драйверыг хэрэглэж хэвших (Та ASCII кодын стандартын гарын драйверыг /Monkey.,/ хэрэглэдэг, эсвэл UniCode стандартын гарын драйвертэй холиж хэрэглээд байдаг бол сүүлийнхийг нь дагнан хэрэглэхийг зөвлөж байна!)
- Үсэг, тэмдэгтүүд танигдахгүй байгаа тохиолдолд UniCode стандартруу хөрвүүлдэг програмыг хэрэглэх. Үүнд MONUNI (Mongolian Encoding Converter) болон Ангууч програмуудыг хэрэглэж болно.
MONUNI программыг ашиглах нь
MONUNI болон Ангууч програмууд нь Microsoft Office-ийн нэмэлт комманд хэлбэрээр ажиллана.
MONUNI программыг компьютерт суулгасаны дараа MS Office-ийн аль нэг application-ыг ажиллуулахад Toolbar дээр товчлуур хэлбэрээр суугдана. Microsoft Office 2000,2003 дээр Commandbar дээр, Microsoft Office 2007-ын хувьд Add-Ins цэсэн дотор суугддаг.
Хэрэв та тухайн файлыг Unicode руу хөрвүүлэх шаардлагатай гэж үзвэл уг товчлуурыг  дараад доорх цонхны Proceed товчийг дарж хөрвүүлэлт хийгдэнэ.